Эссе хэрхэн бичих вэ?
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Та эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.
Сайн эссе ямар байх вэ?
* Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
* Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
* Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утаа санаа нь логик холбоотой байх.
Эссе бичихэд анхаарах зүйлүүд
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн, дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
* Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
* Дүрмийн алдаа, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг буюу сэдэвтэй байх.
* Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх.
* Ядуу хэллэгтэй байх.
* Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
* Өргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
* Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
* Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.
* Гол сэдвээсээ хазайх ёсгүй.
From: Yaruu Setgegch
No comments:
Post a Comment