Saturday, October 23, 2010

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбоо нь газарзүй, геологи, ус цаг уур, экологи, палеонтлоги, газрын харилцааны салбарын залуу судлаач, багш, мэргэжилтнүүдийн үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, холбох зорилготойгоор 2004 онд анх байгуулагдсан юм. Үйл ажиллагааныхаа хүрээнд Монголд болон гадаадад эрдэм, шинжилгээний ажил эрхэлж, сурч боловсорч буй залуу судлаач, эрдэмтэн, оюутнуудад туслах, мэдлэгээ өргөжүүлэн, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарал тавин ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар эгнээндээ ШУ, боловсролын салбарт ажиллаж, сурч буй 100 гаруй залуусыг нэгтгээд байна. Манай холбооний үүд хаалга бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг бүхий л залууст байнга нээлттэй байдаг билээ.

Холбооныхоо гишүүдийн бүтээлийг олны хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ШУ ба үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Хүрэлтогоотын семинар”-ийг жил бүр уламжлал болгон явуулж, шалгарсан бүтээлүүдийн товхимолыг гарган, шилдэг бүтээлүүдэд БСШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг  олгож ирлээ. Цаашид өөрийн холбооны гишүүд болон холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллагуудтай хамтран боловсрол, шинжлэх ухаан, соёл, чөлөөт цагийн олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна. Иймд холбооны гишүүд, дэмжигчид та бүхнийг дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. 

Улс орны хөгжлийн томоохон үзүүлэлтийн нэг нь яах аргагүй шинжлэх ухаан, боловсрол, технологи юм. Харин шинжлэх ухаан, технологийн хөгжлийг залуус бид авч явах учиртай.




No comments:

Post a Comment