Monday, March 28, 2011

БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их сургуулиудад бакалаврын төвшний сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 120 хүнийг дараах чиглэлээр суралцуулна.

 Үүнд:

 Бакалаврын сургалтад

Өвөр монголын их сургуульд Хятад хэл утга зохиол, Аялал жуулчлалын удирдлага, Олон улсын гадаад худалдаа, эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Мөнгөн гүйлгээ, Хууль, эрх зүй, Электроник, Амьтан судлал, Харилцаа холбоо, Компьютерийн техник, Зам, гүүрийн инженер, Зам тээвэр, Орчин тойрны дизайн,

Өвөр монголын багшийн их сургуульд Эдийн засаг, Хятад хэл, утга зохиол, Хот ба бүс нутгийн төлөвлөлт, Сэтгүүл зүй, Компьютерийн программ хангамж, Газар зүйн мэдээллийн систем, Боловсрол судлал, Сэтгэл зүй, Хүрээлэн буй орчны экологи, Биологи, Электрон мэдээллийн байгууламж, 

Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Тэжээвэр амьтан судлал, Мал эмнэлэг, Хүнс судлал, хүнсний технологи, Хадлан бэлчээрийн агрономи, Ойн инженер, ХАА-н автоматжуулалт, механикжуулалт, ХАА-н эдийн засаг, менежмент, Цэцэрлэгжүүлэлт, Ой хамгаалал ба аялал жуулчлал,

Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Дулааны эрчим хүч ба хөдөлгөх хүчин, Механик, зураг төсөл ба автоматчилал, Химийн инженер ба технологи, Механик төмөрлөг бус материал судлал, Барилгын инженер, Нэхмэлийн инженер, Үйлдвэрлэлийн менежмент, Бизнесийн удирдлага,

Өвөр монголын үндэстний их сургуульд Монгол анагаах ухаан, Монгол эм зүй, Дүрс оношлогоо, Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, Эдийн засаг, Хятад хэл утга зохиол, Хууль, Компьютер ба хэрэглээ, Аялал жуулчлал, Агрономи,

Өвөр монголын Шинжлэх ухаан технологийн их сургуульд Уул уурхай инженер, Металлургийн инженер, Төмөрлөгийн инженер, Материал судлал, Уран барилга, Хот төлөвлөлт, Орчны инженер, 

Өвөр монголын анагаах ухааны их сургуульд Хятад уламжлалт анагаах ухаан, Эмчилгээний анагаах ухаан, Рентген оношлогоо,

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага
 
1/ Бакалаврын сургалтад: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны;

Өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол дахин тэтгэлэг олгохгүй болно. Мөн өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Хоёр. Бүртгэл

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 30 хүртэл, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ИХ засаг их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 3000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалавр оюутан болон магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг 2011 оны 4 дүгээр сарын 2, 3-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3-р байрны нэгдүгээр давхарт бүртгэнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтыг эх хувиар,  магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс нь иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт, дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ), эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг авч ирж бүртгүүлнэ. Хураамж: бакалавр 3000 төгрөг, магистрант болон докторант 5000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хамтран зохион байгуулна.

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 1, 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалгалтад тэнцсэн хүмүүс ярилцлагад орно.

Магистрантур, докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгч шалгарсан хүмүүс мөн ярилцлагад орно.

Математикийн шалгалтын оноо болон ярилцлагад орохоор шалгарсан нийт хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны гаднах самбар дээр зарлана. Ярилцлагыг 2011 оны 4 дүгээр сарын 14, 15-ны өдрийн 9.30 цагаас МУИС-ийн 2 дугаар байранд зохион байгуулна. Өрөөний дугаарыг тухайн үед нь зарлана.

Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт, мөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээтэй бол эх хувийг авч ирнэ.

Ярилцлагын үр дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана.

Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үндсэн сургалтад хамрагдана.
 
Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.


                                  МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,                  
                                  СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ                          
                                        БНХАУ-ЫН  ӨМӨЗО-Ы
                                      БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

1 comment: