Thursday, December 27, 2018

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНООС 2018 OНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг 100 залуу эрдэмтдийн шинэ жил”-ийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний нэг зорилго нь МЗЭХ, түүний салбар 7 холбоодынхоо тухайн жилд санаачлан хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил үйлсийг үнэлэх, манлайлан ажилласан залуу эрдэмтэн судлаачдаа шагнан урамшуулах явдал юм. 

Өнгөрч буй онд МЗЭХ-ний, Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос эрдэм мэдлэгийг түгээх зорилгоор олон үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан тул МЗЭХ-ний 2018 оны шилдэг салбар холбоогоор шалгарлаа. 

Залуу эрдэмтэн, судлаачдыг манлайлан, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болсон нэг судлаачыг МЗЭХ-ноос жил бүр “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” алтан медалиар шагнадаг. 2018 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” алтан медалийн эзнээр ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор З.Бадамхатан тодорлоо. Тус судлаач Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Монголын Палеoнтoлогийн шинжлэх ухааныг дэлхийд таниулж, сурталчилж яваа залуу эрдэмтэн юм.

Мөн Газарзүй-Геологийн салбарын шилдэг залуу эрдэмтэн судлаачаар ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Саулегүл шалгарлаа. Тус судлаач өнгөрсөн он жилүүдэд олон улсын болон дотоодын чанартай эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн ба усан орчны экологийн чиглэлээр Герман улсад докторын зэрэг хамгаалсан манай улсын шилдэг залуу эрдэмтдийн нэг юм.


Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Газарзүй-Геологийн салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүд



2018 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” алтан медалийн эзэн ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор З.Бадамхатан


Газарзүй-Геологийн салбарын шилдэг залуу эрдэмтэн судлаач, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Саулегүл

Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан хурал, семинар, сургалтад идэвхитэй оролцдог Монголын залуу эрдэмтэн, судлаач та бүхэндээ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЬЕ. Та бүхний ажил үйлс, эрдэм мэдлэг, аз жаргал ирж буй шинэ оны турш улам өргөжин тэлэх болтугай.
Хүндэтгэсэн
Газарзүйн-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөл







No comments:

Post a Comment