Monday, October 23, 2017

“ХҮРЭЛТОГООТ-2017” ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО

БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “ХҮРЭЛТОГООТ-2017” эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 20-ны өдөр ООГСТ-ийн Одон орон судлах Оргил төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ирсэн бүтээлүүдээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 15 илтгэлийг доктор О.Мөнхцэцэг (ШУТИС), доктор Ц.Базарханд (МУИС), доктор Д.Дэлгэржаргал (ХААИС), доктор О.Алтансүх (МУИС), доктор М.Тунгалаг (ПГХ) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж Тэргүүн байрын эзнээр МУИС-ийн Газарзүйн тэнхимийн докторант Э.Алтанболд “Баян нуурын хотгорын үүсэл, морфологийн  тайлал” бүтээлээр, Дэд байранд Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Санчир “Ikh-Gazryn chuluu pluton in the North-Gobi rift: New data of geochemistry and geochronology” бүтээлээрээ тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. 
Тэргүүн байр грантын эзэн Э.Алтанболд. Түүнийг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэгээс Япон улсын Саппоро хотод 11 дүгээр сарын 23-25-нд болох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнасан юм.
Дэд байр грантын эзэн Д.Санчир 
Мөн тусгай байранд Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батсайхан “Таримал нарсан (pinus sylvestris l.) ойн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх туршилт судалгааны дүнгээс” бүтээлээр, МУИС-ийн ХШУИС-ийн магистр Б.Лхагважаргал “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сан дахь цагаан тоосны дэгдэлтийг сааруулах арга” бүтээлээрээ тус тус шалгарчээ.                             
Тусгай байрын эзэн Г.Батсайхан
Тусгай байрын эзэн Б.Лхагважаргал

 Хуралд оролцсон болон салбарынхаа нийт залуу эрдэмтэн, судлаачиддаа эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО 


дэлгэрүүлж унших...

Wednesday, August 30, 2017

"ХҮРЭЛТОГООТ-2017" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАР



Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХҮРЭЛТОГООТ-2017" бага хурлын Газарзүй, Геологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 20-ны баасан гарагт Хүрэлтогоотын одон орон судлалын төвд зохион байгуулагдах гэж  байна. 
Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженерүүдийн онолын болон хавсарга судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал гаргахад оршдог. 
Хурлын эхний хоёр байрт шалгарсан оролцогчид БСШУСЯ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөг бүхий грантын эзэд болохоос гадна тэргүүн байрын эзнийг 2017 оны 11 сарын  23-25-ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотын Хоккайдо Их сургуульд Монгол-Хоккайдогийн нийгэмлэгээс зохион байгуулж буй "ХӨГЖЛИЙН ГАРЦ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭРЭГЛЭЭ" сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн хуралд 100 хувь үнэ төлбөргүй /үүнд: нислэг, унаа, буудал, хоол зэрэг орно/ оролцох эрхээр давхар шагнах юм. 
Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачид та бүхнийг уг хуралд идэвхтэй оролцож, бүтээлээ нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна. Хуралд оролцох, өгүүлэл хэвлүүлэх сонирхолтой судлаачид 2017 оны 10-р сарын 1-ний дотор бүтээлээ доорх хаягаар ирүүлнэ үү. 

Бүтээл хүлээн авах хаяг: 
khureltogoot.geo@gmail.com 
http://khureltogoot.mysa.mn/register
С.Амаржаргал / ГГСЗЭХ-ны Гүйцэтгэх захирал/
Утас: 99024716 
Жич: Бүтээлийн форматыг энэхүү блогийн 2017.08.30-ний өдрийн мэдээллээс татаж авна уу.

дэлгэрүүлж унших...